Э.ОджаргалСэтгүүлч Та дэлхийн хэмжээн дэх салбарын шилдгүүдээ хэр мэдэх вэ. Магадгүй Таны даган дуурайж, амжилтыг нь давтахыг хүсдэг сэтгүүл зүйн акулууд чухам ямар замналаар энэ салбартай холбогдож, ажлынхаа амтыг хэрхэн мэдэрч, нэр алдар нь цуурайтсан тухай элдэв янзын түүхийг мэдэхэд илүүдэхгүй.
Энэ удаад бид Танд дэлхийн сэтгүүл зүйн
тодорхой цаг үеийн түүх болсон дөрвөн хүний ажлын гараа, амжилтын тухай
товч өгүүлж байна. Дараа удаад тэдний шуугиант сурвалжлага, өгүүллийг
хөрвүүлэн, цувралаар нийтлэх болно.
Сэтгүүл зүйд хэн, юу бүтээснийг сонирхоод нэг үзээрэй.
Сэтгүүл зүйд хэн, юу бүтээснийг сонирхоод нэг үзээрэй.

Жозеф Пулитцер. Унгарын цагаач, иргэний дайнд оролцож явсан түүнийг хувь тавилан санамсаргүйгээр сэтгүүл зүйтэй холбожээ. Нэгэн удаа ажил олгогчийг шүүмжилсэн захидал бичиж, түүнийгээ сонинд хэвлүүлснээр сэтгүүлч болох гараагаа эхлүүлсэн аж. Улмаар цуглуулсан мөнгөөрөө сонины дампуурсан хоёр ч редакцийг худалдан авсан байна.
Нийтлэл, мэдээ бичих, сурвалжлага гээд
бүгдийг өөрөө хийж, өдөр шөнөгүй ажилласаар галзуугийн эмнэлэгт
хүргэгдэж байсан удаатай. Гэтэл түүний хэвтсэн эмнэлэг нийгмээс далд
олон булхайн үүр байсан учир тэндхийн нууцлаг амьдарлын тухай дуулиант
нийтлэлүүд бичсэн аж. Тухайн жилдээ үр бүтээл, өндөр амжилт гарган
ажиллаж, сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулсан сэтгүүлчдийг
тодруулдаг шагнал Пулитцерын нэрэмжит билээ.

Роберт Капа.
Андре Фридман Парист анх хөл тавьж байхдаа ердөө 21 настай байжээ.
Америкийн нэрт фото зурагчин Роберт Капын менежер хэмээн өөрийгөө
танилцуулан сонин, сэтгүүлийн редакцид фото зургууд санал болгодог
байв. Фото зургууд нийтлэгддэг болсноос хойш нэг жилийн дараа нэрт фото
зурагчин болон түүний менежер нэг хүн болох нь илэрсэн байна.
Андре ийнхүү бүх цаг үеийн хамгийн
алдартай дайны фото сурвалжлагч Роберт Капа болсон түүхтэй. Тэрбээр маш
авьяаслаг, аймшиггүй зоригтой, адал явдалд дуртай нэгэн байсан бөгөөд
дайны талбарт зураг авч яваад 40 насандаа амь үрэгджээ.

Боб Вудвард. “Вашингтон пост” сонины сэтгүүлч тэрбээр цэрэгт алба хааж байхдаа дотоодын тагнуулын ажилчидтай нэлээд ойр танилцжээ. Энэ холбоо нь түүний ирээдүйн сэтгүүлчийн ажилд ихээхэн нэмэр болсон аж. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сонгодог бүтээл болсон Уотергейтийн дуулиант нийтлэлүүд нь Вудвардыг домог болгосон юм.
Сонгуулийн өмнөх компанит ажлын хууль,
дүрэм хэрхэн зөрчигдөж байгаа тухай энэхүү цуврал нийтлэлүүд нь АНУ-ын
36 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа огцроход хүргэсэн
гэдэг. АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгч бүрэн эрхт хугацаанаасаа өмнө өөрийн
сайн дураар огцорсон анхны тохиолдол байв. Вудвардын бичсэн
“Ерөнхийлөгчийн тэмцэл” ном нь дэлгэцийн бүтээл болсон юм. Тэрбээр
өнөөг хүртэл АНУ-ын улс төрийн нөлөө бүхий эрэн сурвалжлагч хэвээр
билээ.

Хантер Томпсон. Сэтгүүл
зүйд “гонзо” хэмээх төрлийг бий болгосон тэрбээр жинхэнэ дуулиан
таригч, туршигч нэгэн байв. Түүний хамгийн анхны сурвалжлага нь хагас
жилийн турш байкеруудын хамт АНУ-ыг тойрох “аялал” байжээ. Харин
Хантерийг дэлхийд нэрд гаргасан бүтээл нь “Лас-Вегас дахь айдас ба үзэн
ядалт” ном юм.
Тэрбээр энэхүү зохиолдоо мансууруулах
бодис, биеэ үнэлэгч гээд задгай, танхай амьдарлаас өөрийн үзсэн,
мэдэрсэн бүхнээ дэлгэрэнгүй өгүүлснээрээ ихээхэн шуугиан тарьжээ. 2005
онд Томпсон өөрийгөө буудан амиа хорлосон байна.






0 comments:
Post a Comment