Sunday, April 13, 2014

“Реал” vs “Бавари”, “Челси” vs “Атлетико”

Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн хоёр, Герман, Англиас тус тус нэг баг шалгарлаа. Их шөвөгт өрсөлдөх дөрвөн багийн сугалааны тухайд “Реал Мадрид” “Байерн Мюнхен”-ий эсрэг, харин “Челси” энэ шатанд “Атлетико Мадрид”-тай тоглохоор сугалаа таарсан билээ. Хөлбөмбөгийн спорт хамгийн өндөр, тэр тусмаа жинхэнэ бизнес утгаараа хөгжсөн Европын тавцан дахь хамгийн нэр хүндтэй, хамгийн их хэмжээний мөнгө эргэлддэг Аваргуудын лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн сугалаа өнгөрөгч баасан гаригт /IV.11/ болсон. Европын топ төвшний энэ өрсөлдөөнд хамгийн арвин түүхтэй Испанийн “Реал Мадрид” баг  Германы “Байерн Мюнхен”-тэй таарсан бол энэ жил тунчиг хүчтэй байгаа “Атлетико Мадрид” Английн “Челси” клубтэй өрсөлдөхөөр учраа таарлаа. Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон буюу есөн удаа түрүү хүртсэн нь “Реал Мадрид”. Харин “Байерн” тав, “Челси” нэг удаа аваргын цом хүртсэн. “Атлетико Мадрид”-ын хувьд цомын төлөөх өрсөлдөөнд бол “шинэ цэрэг”.

Аваргуудын лигийн сугалаатай зэрэгцэн хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн шуугиан дэгдсэн нь Испанийн “Атлетико Мадрид”-д зээлээр тоглож буй “Челси”-гийн хаалгач Тибаут Коуртоисын тухай юм. 2011 онд байгуулсан зээлийн гэрээнд харин “Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнд “Челси” баг “Атлетико Мадрид”-тай багтай учраа таарвал хаалгач Тибаут Коуртоисыг тоглуулахгүй. Хэрвээ Коуртоисыг тоглуулсан тохиолдолд “Атлетико Мадрид”-ынхан “Челси” багт таван сая фунт төлнө” гэсэн заалт байдаг аж. Ингээд энэ жил хоёр баг тун ч эгзэгтэй шатанд таарсан бол гэрээний дээрх заал эргэн сөхөгджээ. Гэрээ ёсоор “Атлетико Мадрид” баг “Челси”-д таван сая фунт төлөх үү, эсвэл хоёрдугаар хаалгачаа тоглуулах уу гэх сонголтын өмнө ирээд байна. Харин Европын хөлбөмбөгийн холбооноос “Челси”-д хатуу сануулга өгч, “Атлетико Мадрид” баг мөнгө төлөлгүй хаалгач Тибаут Коуртоисыг тоглуулж болно гэдгийг албан ёсоор уламжиллаа. Үүнийгээ Европын хөлбөмбөгийн холбооноос “Спортын тэмцээний шударга байдал бол Европын хөлбөмбөгийн холбооны үндсэн зарчим. Аваргуудын лиг болон Европын хөлбөмбөгийн холбооны сахилга батын дүрэмд багууд хоорондоо хориглосон зүйл заалт бүхий гэрээ, эсвэл дарамт учруулах оролдлого хийхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр багийн хоорондын гэрээний хориглосон заалт нь Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнд хүчингүй болно. Хэрвээ энэ дүрмийг зөрчвөл зохих шийтгэл, торгууль ногдуулах болно” гэж тайлбарлажээ.

Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтын сугалааны эргэн тойрон дахь мэдээллийг хүргэе.

“Реал Мадрид” – “Байерн Мюнхен”

Хоёр багийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын 24-нд Испанийн нийслэл Мадрид хотноо “Реал Мадрид”-ын талбайд эхэлнэ. Харин хариу тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд болно.
Сугалааны дараа хоёр багийн дасгалжуулагчид, албаныхан юу хэлэв?

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Карло Анчелотти:

-“Байерн Мюнхен” бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу баг. Одоо ч шилдэг амжилтаа үзүүлж байна.“Байерн Мюнхен” багт Пеп Гуардиола гэж шилдэг дасгалжуулагч байна. Бидний хувьд хагас шигшээд тун хүнд тоглолт хийх нь тодорхой боллоо. Гэхдээ тэдний хувьд ч хагас шигшээд “Реал Мадрид” багтай тоглох хэцүү байх болно. Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлэхийг хүсвэл манай багийнхан “Байерн” болон бусад багуудыг хожих ёстой. Үүнийгээ ч хийх болно гэжээ.

“Байерн Мюнхен” багийн дасгалжуулагч Пепе Гуардиола:

-Сугалаа бол сугалаа. Гэхдээ “Реал Мадрид” бол хүнд сугалаа. Би тэднийг сайн гэдгийг мэднэ. Тиймээс маш хүнд хэцүү тоглолт, хатуу сорилт байх болно. Энэ тоглолтуудыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Байерн Мюнхен” энэ жил дахин түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн нэг. “Байерн” Германы хөлбөмбөгийн дээд лигтээ аль хэдийн түрүүлсэн учир бүх анхаарлаа Аваргуудын лигт хандуулсан. Нэгэнтээ аварга болсон тул багийн гол тоглогчдоо улсынхаа лигт тоглуулахгүй амрааж байна. Амралт бол хөлбөмбөгчдийн хамгийн чухал зүйлсийн нэг. Харин “Реал Мадрид” дөрөвдүгээр сарын 17-нд Испанийн эзэн хааны цомын тэмцээний төлөө мөнхийн өрсөлдөгч “Барселона” багтай тоглоно. Мөн шийдвэрлэх хариу тоглолт болох дөрөвдүгээр сарын 30 хүртэл Испанийн хөлбөмбөгийн дээд лигтээ хоёр ч чухал тоглолт хийнэ. “Реал Мадрид” Испанийн лигтээ түрүүлэхийн тулд бүх тоглолтод хожих ёстой. Гэхдээ “Реал Мадрид” бол “Реал Мадрид”. Тэдэнд хангалттай нөөц тоглогч бий.

“Реал Мадрид” болон “Байерн Мюнхен” хоорондоо 20 удаа учраа таарсан байна. “Байерн”11, “Реал” долоо хожиж, хоёр удаа тэнцэж байсан.

“Атлетико Мадрид” – “Челси”

2011-2012 оны Аваргуудын лигийн тэмцээнд “Челси” баг түүхэндээ анх удаа түрүүлсэн. Харин “Атлетико Мадрид” түрүү хүртсэн удаагүй. “Атлетико Мадрид” 1973-1974 оны улиралд Аваргуудын лигийн тэмцээний шигшээд тоглож байсан түүхтэй. Түүнээс хойш 40 жилийн дараа ийнхүү түүхэн амжилтаа давтах, ахиулах боломжтой болж байна.

“Атлетико Мадрид” багийн дасгалжуулагч Диего Симеоне бол Английн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн их үзэн яддаг хүний нэг яах аргагүй мөн. 1998 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Англи, Аргентин учраа таарсан. Энэ тоглолтод Английн алдарт Дэвид Бекхэм, Аргентины хамгаалагч Диего Симеоне дээр алдаа гаргаж, улаан хуудас авч, талбайгаас хөөгдөж байсан түүхтэй. Тухайн үед Диего Симеоне шүүгчийг итгэтэл жүжиглэсэн юм. Үүнийг англичууд мартаагүй нь лавтай.

“Челси” болон “Атлетико Мадрид” Европын ногоон дэвжээнд гурван удаа учраа таарчээ. Хоёр баг биенээ нэг, нэг хожиж, нэг удаа тэнцээгээр өндөрлөсөн байна. Хоёр баг адилхан хатуу чанга хамгаалалттай, хүчирхэг довтлогчтой учир тааварлахын аргагүй тоглолтууд болно. “Челси” болон “Атлетико Мадрид” багийн хагас шигшээ эхний тоглолт дөрөвдүгээр сарын 24-нд Испанийн нийслэл Мадрид хотноо болно. Харин хариу тоглолт тавдугаар сарын 1-нд Английн нийслэл Лондон хотноо “Челси” багийн талбайд болно.

Дашрамд, 2013-2014 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт Португалийн нийслэл Лисабон хотноо тавдугаар сарын 25-нд болох хуваарьтай.  Хөгжөөн дэмжигчид зургадугаар сарын 13-нд Өмнөд Америк тивийн Бразиль улсад эхлэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл зөвхөн Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигээр “амьсгалах” болно.
          Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №057



0 comments:

Post a Comment