2011 оны 12 сарын 12

Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XV их хурал өнгөрсөн бямба гарагт
эхэлсэн. Хуралд нийслэл, орон нутагт сэтгүүл зүйг хөгжүүлэхээр ажиллаж
буй сэтгүүлчдийн 500 гаруй төлөөлөгч оролцох ёстойгоос 400 орчим нь
хүрэлцэн ирсэн байлаа. Хурал бямба гарагийн өглөө 09.30 минутад эхэлж,
ням гарагийн өглөө 07 цагт өндөрлөв. Энэхүү байгууллагыг “Шинэ үе, шинэ
сэтгэлгээ” түр хорооныхон шинэчлэгддэггүй, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг
хамгаалдаггүй, хүн шагнахаас өөрийг хийдэггүй гэхчлэн шүүмжилж байсан.
Түр хорооныхонтой сэтгүүлчдийн олонхи нь санал нийлсэн гэхэд
хилсдэхгүй биз. Ийм шүүмжлэл байсан учир хурал өмнө нь болж байгаагүй
хурц шүүмжлэл, мэтгэлцээн дунд өрнөсөн юм. Хурлыг нээж Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн үг хэллээ.
Тэрбээр Монголын сэтгүүл зүй улстөрчдийн захиалгад орж, төлбөрт сэтгүүл
зүй газар авснаас нийгмийг эцэс төгсгөлгүй маргаан руу чирж байгааг
шүүмжилж байлаа. Мөн “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч
С.Батбаатар “Ардчилал хөгжсөн энэхүү хугацаанд манай улсад
шинэчлэгдээгүй ганц байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
болчихлоо” гэв. Мөн хуралд хүрэлцэн ирсэн ахмад сэтгүүлчид сэтгүүлчдийн
байгууллагыг хэрхэн өөрчлөн шинэчлэх вэ гэж ярихаас илүүтэйгээр
ардчилсан, сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидэнд баяр
хүргэсэнгүй, төр засаг Монгол хүнийг үнэгүйдүүлж байна, төрийг
цэвэрлэх ёстой” гэлцсэн нь утгагүй байсныг нуух юун. Уг нь нийгмийг
шүүмжилж, алдаа дутагдал гаргасан хэнийг ч бай хайр найргүйгээр бичдэг
сэтгүүлч хүн эрх ашгаа хэнээр, яаж хамгаалуулах хэрэгтэй тухай ярих
ёстой баймаар. Тэгтэл аавдаа гомдсон хүү шиг төр засгийнхнаас баярын үг
сонсохыг тэсэн ядан хүлээж болохгүй мэт. Хурлын үеэр сэтгүүлзүйн
салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгохоор зорьж буй залуу сэтгүүлчдийн
дуу хоолой дутагдаж байлаа. Гэхдээ залуу сэтгүүлчдийг төлөөлөгчид
“Залуу сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалмаар байна. Өнөөдөр энэ
байгууллагыг шинэчилье гэж дуугарчихаад одоо болохоор дуугүй байх юм.
Улс төр ярих яах вэ. Өөрсдийгөө шинэчилье” гэлцэж байсан юм. Мөн ТМ
телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал “Сүүлийн үед сэтгүүлчидтэй доромжилж
харьцах болж. Аль нэг байгууллага хурал зарлахдаа “Сэтгүүлчид ээ,
хоолтой, үдийн цайтай шүү” гэж зарлах юм. Үүгээрээ сэтгүүлчдийг дэндүү
үл ойшоож байна. Хоолтой, үдийн цайтай гэхээр сэтгүүлчдийг гүйгээд ирнэ
гэж боддог юм уу. Арай ч ингэж болохгүй байх аа. Бас хэн нэгэн дарга
“Алив энэ хүнээс яриа авчих. Хэлснээр ажиллахгүй бол дарга руу чинь
ярилаа” гэж хэлдэг. Ийм байж болохгүй” гэлээ. Энэ үеэр “Өдрийн
сонин”-ынхон нэлээд хэдэн сайтуудыг шүүхэд өгөх болсноо дуулгав. Учир нь
өдөр ирэх тусам нэмэгдэж буй сайтууд эх сурвалжийг нь ч тавихгүй оюуны
өмчийг хулгайлж байгаа тухай ярьж, цаашид ийм байдал гаргахгүй байхыг
анхааруулж байлаа.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үдээс
хойшхи хуралдаанаараа дүрмийн талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр “Монголын
мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн
ерөнхийлөгч орон тооны бус байх тухай санал гаргаж олонхийн саналаар
дэмжлээ. Мөн дүрэмдээ нэг Тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд
ерөнхийлөгчтэй байхаар тусгасан байна. Харин их хурлыг гурван жилд
хуралдуулахаар болжээ. Гэтэл орон нутгийн сэтгүүлчид “Бидний саналыг
тусгахгүй байна. Энэ дүрэм зөвхөн нийслэлийн сэтгүүлчдийн дүрэм
болчихож” хэмээн шүүмжлэв. Ийн шүүмжилснийхээ дараа орон нутгийн 100
гаруй сэтгүүлч хурал хаяж гарцгаав. Танхимд үлдсэн төлөөлөгчид “Орон
нутгийнхныгаа хүндлэх хэрэгтэй. Ингэж болохгүй” гэж хурлын тэргүүлэгчдэд
хэлснээр тэдний саналыг тусгах талаар ярилцахаар боллоо. Энэ үеэр
МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны факультетийн Сэтгүүл зүйн тэнхимийн
эрхлэгч М.Зулькафиль “Хоёр дэд ерөнхийлөгчийн нэг нь орон нутаг, нөгөөх
нь нийслэлийг хариуцдаг байх нь зүгээр юм биш үү” гэсэн санал гаргасныг
нь дэмжив. Хурлын үеэр хувийн мэдээллийн хэрэгсэлтэй хэн нэгэн хүн энэ
байгууллагын удирдлагад байж болохгүй тухай ярилцлаа. Харин олонхи
төлөөлөгч “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ч сэтгүүлчид л байгаа. Тиймээс
ийм зүйлээр боож болохгүй” гэснээр энэ яриа өндөрлөв. Мөн уг
байгууллагын гишүүд сар бүр 2000 төгрөг, удирдлагууд 10 мянган
төгрөгийн татвар төлөхөөр дүрэмд тусгалаа. Ингээд редакцийн засвар
хийхээр баталлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэрээ өөрчилж,
Монголын сэтгүүлчдийн эвлэл хэмээн нэрлэхээр болсон юм. Дүрмийг
хэлэлцсэний дараа Монголын сэтгүүлчдийн эвлэлийн шинэ удирдлагуудыг
сонголоо. Үүний өмнө тухайн байгууллагын ерөнхийлөгч Т.Баасансүрэн
“Миний бие ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид
нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байна” хэмээлээ. Сэтгүүлчдийн
байгууллагын ерөнхийлөгчид “Гэрэлт цалиг” сонины эрхлэгч
Б.Галаарид, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Б.Ганболд, NBS телевизийн
захирал С.Наранбаатар нарын нэрийг танхимаас дэвшүүллээ. Харин
Тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, “Монголын
мэдээ” сонины эрхлэгч С.Гантогоо, дэд ерөнхийлөгчид Орон нутгийн
сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж, “Улаанбаатар таймс”
сонины эрхлэгч Э.Дагиймаа, “Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга
Д.Заяабат нарыг мөн танхимаас нэр дэвшүүлэв. Үүний дараа Монголын
телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонины холбоо зэрэг салбар холбоод
хуралдан санал хураалгалаа. Харин энэ үеэр тооллогын комисс саналын
хуудас хэвлүүлэх ч компьютергүй сууж байсан. Тэгээд арга буюу гадагшаа
гарч хэвлүүлсэн юм. Санал хураалт эхэлж, “Гэрэлт цалиг” сонины эрхлэгч
Б.Галаарид, NBS телевизийн захирал С.Наранбаатар нарын санал тэнцсэн
хэдий ч С.Наранбаатарын нэг санал хүчингүй болсон учир Монголын
сэтгүүлчдийн эвлэлийг Б.Галаарид удирдахаар болов. Тэргүүн дэд
ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр
“Өнөөдөр” сонины Тамгын газрын дарга Д.Заяабат, орон нутгийг хариуцсан
дэд ерөнхийлөгчөөр Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн
Ц.Шаравдорж нар тус, тус сонгогдлоо. Харин хяналтын зөвлөлд долоон
гишүүн, гүйцэтгэх зөвлөлд 19 гишүүн сонгосон юм. Монголын
сэтгүүлчдийн эвлэлийн шинэ ерөнхийлөгч Б.Галаарид “Юун түрүүнд
сэтгүүлчдийн нийгмийн байдлыг сайжруулахын төлөө ажиллах болно. Их
зүйлийг хийнэ” гэлээ. Ямартай ч, манай салбарынхан “Монголын
сэтгүүлчдийн эвлэл” нэртэйгээр, шинэ удирдлагуудаар удирдуулан үйл
ажиллагаагаа явуулахаар боллоо. Гагцхүү цаашид юу хийхийг нь жирийн
сэтгүүлч бид харах л үлдлээ.
Ц.Энхцэцэг
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин